Recent
 • 
4 mins read

АНУ-ын их дээд сургуулиудын элсэлтийн албаны өрөөнд юу өрнөдөг вэ?

Posted on
January 28, 2023

Чиний Харвардад орох эсэх чинь хэрхэн шийдэгддэг гэж бодож байна даа? Азаар уу? Амжилтаар уу?

Бидний хамгийн сайн мэдэх Харвардын их сургууль гэхэд л жил бүр дунджаар 40’000 гаруй өргөдөл хүлээн авдаг бөгөөд тэдгээрээс ердөө 2000 хүрэхгүй сурагчдыг тэнцүүлэн авдаг ажээ. Тэгвэл энэхүү хэн нь тэнцэх, тэнцэхгүйг шийдэх чухал шийдвэрүүдийг хэн, яаж, ямар шалгуурын дагуу гаргадаг юм бол?

Articles to Inspire- ийн анхны дугаараар: 

АНУ-ын их дээд сургуулиудын элсэлтийн албаны өрөөнд юу өрнөдөг вэ? гэсэн асуултад хариулт өгөх болно. 

Өргөдлийн материал чинь ямар хүмүүсийн гараар дамждаг вэ?

АНУ-д нийт 4360 гаруй их дээд сургууль бүртгэлтэй байдгаас 2832 нь 4 жилийн сургалттай их дээд сургуулиуд байдаг бол 1582 нь 2 жилийн сургалттай сургуулиуд багтдаг ажээ. Эдгээр сургуулиуд нь мэдээж хэрэг өөр өөрсдийн гэсэн сурагчдаа элсүүлэн авах өргөдлийн процесс, шалгууртай боловч тодорхой хэмжээнд адилхан үйл явц элсэлтийн албаны өрөөнд өрнөдөг байна.

1. Тухайн сургуульд одоо сурч буй оюутан 

Зарим сургуулиудад эхлээд тухайн сургуульд сурч буй оюутнуудаар өргөдлийн материалуудыг уншуулдаг бол зарим их сургуулиудад өргөдлийн материалууд шууд л элсэлтийн албаны ажилтны гар дээр ирдэг ажээ. 

2. Хоёр элсэлтийн албаны ажилтан 

А-аас нь Я хүртэл нэрсийн дарааллаар уншдаг гэж бодож байвал андуурч байна шүү. Азиас Европ, Америкаас Монгол руу бүс нутгаар нь жагсаадаг. Ийнхүү ангилсны үндсэн дээр тухайн бүс нутгийн боловсролын систем, соёл, ёс заншилтай арай илүү танил элсэлтийн албаны ажилтан өргөдлүүдийг уншиж эхлэх бөгөөд аль болох алдаа гаргахгүйн үүднээс нэг хүний буюу чиний өргөдлийг дор хаяж 2 элсэлтийн албаны ажилтан уншиж танилцдаг. Чиний өргөдлийг уншихад элсэлтийн албаны ажилчид ихдээ л 15 минутыг зарцуулдаг бөгөөд өдөрт 40 болон түүнээс дээш өргөдлийн материалуудтай уншиж танилцан оноожуулдаг байна. 

3. Элсэлтийн албаны хурал 

Ийнхүү чиний өргөдөл хоёр эсвэл гурван элсэлтийн албаны ажилтнаар дамжсаны үндсэн дээр ядаж нэгд нь чи таалагдаж чадвал дараагийн шатны шалгуур буюу элсэлтийн албаны хурлаар орно. Уг шатаар тухайн сургуульд тэнцэх, үл тэнцэхийг чинь эцсийн байдлаар шийдвэрлэдэг байна. Элсэлтийн албаны бүхий л ажилчид нэг өрөөнд цугларч суун хэн тэнцэх тэнцэхгүйг ардчилсан зарчмаар буюу гар өргөх байдлаар шийдвэрлэдэг. Эхлээд чамайг үнэхээр сургуульдаа авмаар байгаа элсэлтийн албаны ажилтан бусдадаа зориулан чиний талаарх богино хэмжээний танилцуулга хийж, чамайг тэнцүүлэх хэрэгтэй талаар бусдыгаа ятгах гэж оролдох бөгөөд уг ярианы дараа эцсийн байдлаар тэнцүүлэх эсэхийг гар өргөн шийдвэрлэдэг. Талаас дээш хувийн санал авсан тохиолдолд чи тэнцэх бөгөөд хангалттай санал авч чадаагүй тохиолдолд хүлээлгийн жагсаалт буюу тэнцүүлэх магадлалтай гэсэн жагсаалтад орно. Харин нэмэлт санал бусад элсэлтийн албаны ажилтнуудаас авч чадаагүй тохиолдолд татгалзсан хариу авдаг байна. 

Хэрвээ элсэлтийн албаны өрөөнд ямар гээчийн харилцан ярианууд, үйл явдлууд өрнөдөг талаар зураг дүрстэй нь үзэхийг хүсвэл уг линкээр дарж орон “Amherst College”-н шийдвэр гаргах процесстай танилцаарай.

Ariunbolor Amgalanbaatar

Ready to Enroll
your success?

WE CURATE THE FUTURE BY EMPOWERING OUR STUDENTS